Байгалийн хийн түгээлт
Манай компани нь агаар орчны бохирдлыг бууруулах, олон улсад хэрэглээнд нэвтэрч туршигдсан техник технологийг нутагшуулах, Монгол улсад байгалийн хэрэглээг бий болгох зорилтын хүрээнд томоохон санал санаачилгыг хэрэгжүүлэн ажилласны үр дүнд байгалийн хийг тээвэр логистикийн салбарт амжилттай нэвтрүүлж байна. Үүнд:
- Нийтийн тээврийн үйлчилгээнд шахсан байгалийн хий буюу CNG ашиглах
- Хүнд даацын нүүрс тээврийн авто машинуудыг шингэрүүлсэн байгалийн хий буюу LNG -ээр цэнэглэх.
Байгалийн хийн хувьд, шингэн төлөв эсвэл хий хэлбэрт байхаасаа хамааран физик шинж чанар нь өөр өөр байдаг тул хийг хэрэглэх байдал нь харилцан адилгүй. Тухайлбал, CNG хөдөлгүүрийг гол төлөв суудлын машин, дунд оврын ачааны машин, хотын нийтийн тээврийн хэрэгслүүдэд түлхүү ашигладаг бол LNG хөдөлгүүрийн хувьд CNG -тэй харьцуулахад түлш хадгалалтын зай талбай бага, эрчим хүчний нягт өндөр байдаг онцлогоос хамааран холын зайд тээвэр хийдэг хүнд даацын тээврийн хэрэгслүүдэд түгээмэл хэрэглэгдэж байна.
Байгалийн хийг түлш болгон ашигласнаар гарах давуу талууд:
- Дизель хөдөлгүүр нь дуу чимээ их, овор хэмжээ том байдаг бол байгалийн хийн хөдөлгүүр нь дариу 50%-аар дуу чимээ бага, үнэргүй, шороо тоосгүй байхаас гадна үр ашиг өндөртэй.
- Хүйтний нөхцөлд асалт хурдан, нэмэлт хөдөлгүүр халаагч шаардлагагүй
- Үнийн хувьд дизель түлштэй өрсөлдөхүйц болсон учраас эдийн засгийн үр ашигтай, технологийн хувьд тогтвортой, аюул багатай юм
- Засвар үйлчилгээний зардал бага. Тухайлбал, түлшний саванд зэврэлт явагддаггүй учраас бохирдолт буурч, хөдөлгүүрийн тосны ашиглалтын хугацаа 2-3 дахин уртасдаг. Мөн тээврийн хэрэгслийн очлуурын ашиглалтын хугацаа 40%-иар, хөдөлгүүрийн засвар хоорондын хугацаа 1.5 дахин нэмэгддэг байна.
- Агаар орчны бохирдол бага. Тухайлбал байгалийн хийг буулгах, цэнэглэх үед орчны бохирдол үүсгэдэггүй. Түүнчлэн, хүлэмжийн ялгарал маш багатай тул шатах ашигт малтмал дундаа нүүрстөрөгчийн ул мөр бага “цэвэр” эх үүсвэрт тооцогдож байна.
- Байгалийн хий нь агаараас хөнгөн тул ямар нэг байдлаар гадна орчинд алдагдсан тохиолдолд маш хурдан замхарч алга болдог тул галын аюул багатай.